Tuesday, March 10, 2015

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОЛОН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ, ӨГӨГДСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОЛОН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ, ӨГӨГДСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ
2015 оны 03 дугаар сарын 09-10
            Нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 09-ний 16,00 цагаас, Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09,00 цагт тус тус зохион байгуулагдаж, дээрх зөвлөгөөнүүдэд дараах мэдээлэл хийгдэж, тодорхой үүрэг чиглэл өгснийг Танд хүргүүлж байна. Үүнд:
            Дүүргээс
1.    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлдэг, малчин айл өрхүүд байдаг. Эдгээр малчин өрхүүдийн малаас өвчлөл гарч, тодорхой шат дараатай арга хэмжээ авч ажилласан. Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, тандалт судалгаа хийж байгаа бөгөөд цаашид энэ оны 5 дугаар сардаа багтаан малчин айл өрхүүдийг дүүргийн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
2.    Өвлийн ид хүйтрэлийн сарууд дуусч байна. Гэсэн хэдий ч хүйтний эрч төдийлөн сайн сулраагүй байгааг анхаарч, анхаарал хяналтаа сулруулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь хаврын эхэн саруудад олон жилийн дунджаар цочир хүйтрэх прогноз байдаг тул нийт удирдлагууд 4 дүгээр сарын эхний 15 хоног хүртэл ажилтан, албан хаагчдаа үүрэгжүүлж, анхаарал сэрэмжтэй ажиллах хэрэгтэй.
3.    2014-2015 оны өвөл цас багатай, хуурайшилттай болж байна. Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд хувь хүн, байгууллага бүр анхаарал хандуулж ажиллана. Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хүн ихээр төвлөрдөг газрыг сонгож “Галын тактик, тархалт”-ын сургалтыг зохион байгуулах бөгөөд дээрхтэй адилаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаа мэдээ, мэдээллээр хангаж ажиллана.
·         Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд төгсөлтийн баяр, тэмдэглэлт арга хэмжээ нэрийдлээр хаврын хуурайшилттай улиралд ой хээрийн бүсэд аялал зугаалга хийхгүй байхад анхаарч, анги удирдсан багш, сурагчдын өөрөө удирдах байгууллага, багш, ажилтан нэг бүрт үүрэг чиглэл өгч, мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болгож байна.
·         2015 оны 05 дугаар сараас дүүргийн Засаг дарга буюу Онцгой байдлын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бэлэн байдлын бүрэлдэхүүнийг томилон ажиллуулна. Энэ тохиолдолд дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуй нэгж бүр үүрэг, оролцоотой ажиллахыг зөвлөж байна.
4.    Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд нар 2014 оны 9, 10 дугаар саруудад дүүргийн 19 хороонд ажиллаж, дэвсгэрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан. Энэ хугацаанд нийт 640 гаруй санал, санаачилга гарсан байдаг бөгөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн түвшинд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа нэгтгэн дүгнэж, үр дүнг тооцож ажиллахыг чиглэл болгож байна.
5.    Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын зарим дарга нар өөрчлөгдөж, шинэ томилгоо хийгдсэн байна.
·         Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар Я.Орломсүрэн
·         Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар О.Болд
·         Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар н.Мэндбаяр
·         Тохижилт үйлчилгээ компаний захирлаар н.Ганчимэг нар томилогдсон байна.
6.    “Монгол цэргийн өдөр”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас төвлөрсөн хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:
·         2015 оны 03 дугаар сарын 05-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цэрэг, спортын “Дөл” тоглолтыг зохион байгууллаа. Дүүргийн төрийн өмчийн 12 сургууль 100% зохион байгуулалтын өндөр түвшинд оролцсонд талархаж байна.
·         2015 оны 03 дугаар сарын 10-ны 13,00 цагаас цэрэг, спортын “Дөл” тоглолтод оролцсон сурагчдыг Монгол цэргийн музей, Хар сүлдний өргөө, Зэвсгэт хүчний 032 дугаар анги, Налайх дүүргийн зенит, инженерийн  анги нэгтгэлүүдтэй танилцах ажлыг зохион байгуулна. Тусгаар тогтнолын талбай дээрээс нэгдсэн унаагаар хөдөлнө.
·         2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11,00 цагаас Тусгаар тогтнолын талбайд “Эх орон тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээ, баярын жагсаал зохион байгуулагдана. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиуд дараах ажлуудад хамтран оролцоно. Үүнд:
ü  “Дөл” тоглолтын сурагчид баярын нэгдсэн жагсаалд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
ü  140 хүүхдийн “Андгай” өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана.
Ø  5, 23, 24, 50 дугаар сургууль тус бүр 5 дугаар ангийн 10 сурагч, нийт 40 сурагч
Ø  17, 39, 57, 61 дүгээр сургуулиуд тус бүр дунд ангийн 10 сурагч, нийт 40 сурагч
Ø  37, 49, 72, 117 дугаар сургуулиуд тус бүр ахлах ангийн 10 сурагч, нийт 40 сурагч
Ø  Албан бус-Насан туршийн боловсролын төв, 112 дугаар сургууль тус бүр 10 сурагч, нийт 20 сурагчийг оролцуулна.
ü  2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11,00 цагаас арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг хийнэ. Үүнд “Дөл” тоглолтын сурагчид хувцастайгаа бэлэн жагсах бөгөөд захирал, нийгмийн ажилтан, дасгалжуулагч багш, дүүргийн удирдлагуудын хамт дурсгалын зураг татуулна. “Андгай” өргөх ёслолын арга хэмжээнд оролцох хүүхдүүд үндэсний хувцастайгаа жагсаж, бэлтгэлээ хангана.
ü  Сургуулийн удирдлагууд 13-ны өдрийн арга хэмжээнд оролцоно. Дөл тоглолтын шагнал, эссэ бичлэгийн уралдааны шагналууд гардуулагдана.
7.    2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14,00 цагаас нэрт яруу найрагч Б.Явуухулангийн төрсөн өдөрт зориулсан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах төвлөрсөн арга хэмжээ ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Урлаг зааланд болно. Нийт сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцоно.
·         Явуу багш номын нээлтийн үйл ажиллагаа
·         Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Миний мэдэх их найрагч” уралдааны удирдамж гардуулах ёслол
·          Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэлийн зураг авахуулах арга хэмжээ зохион байгуулагдана.
8.    2015 онд улс, нийслэл, дүүргийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх урсгал засвар, худалдан авах ажиллагаанд анхаарч, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэдээ, мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болгож байна.
·         Нийслэлийн төсвөөр: 17, 50 дугаар сургууль, 9, 70 дугаар цэцэрлэгт хэсэгчилсэн их засварууд хийгдэнэ. Хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж эрэмбэлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан бичгийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Хариу хүлээж байна.
·         Дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангаар хөрөнгө оруулалт хийгдэх 4, 5, 43, 124 дүгээр цэцэрлэг, 39 дүгээр сургуулийн удирдлагууд холбогдох хэлтэс албадтай холбогдож ажиллах хэрэгтэй.
ü  Зураг төсөв
ü  Ажлын даалгавар
ü  Ажлын тоо хэмжээ
ü  Техникийн нөхцөл /гэх мэт/ 
9.    Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Сангийн яаманд хүргүүлсэн. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарал хандуулж, хяналт тавихыг зөвлөж байна.
10.  Хаврын улирал эхэлж байна.
·         Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхийг даалгаж байна.
·         Хаврын тохижилтын ажил, олон нийтийг хамарсан ажлуудын бэлтгэлийг одооноос хангаж, мод бут тарих ажлын график төлөвлөгөө гаргаж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө заавар авч, арчлалт хамгаалалтаа сайжруулах, цэнэг усалгаа хийх, ажилтан албан хаагчдаа дээрх чиглэлд мэргэшүүлэхэд анхаар.
·         Хамтран ажилладаг байгууллагуудын оролцоо дэмжлэгийг авч, Ойн тухай хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагуудтай харьцаж, ямар хэмжээний төсөв хөрөнгө, хүн хүч зарцуулахаа нарийн төлөвлөж ажиллахыг зөвлөж байна.
11.  Дүүрэг, нийслэлийн хэмжээнд маш олон төрлийн хүүхдийн урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Дээрх үйл ажиллагаануудад багш нарын ёс зүй ихээр зөрчигдөж байгаад анхаарах хэрэгтэй. Тухайлбал,...
·         Биеийн тамирын уралдаан тэмцээнд хүүхдээ бэлтгэн оролцуулж байгаа багш нар багийн мэдүүлгээ гаргахдаа бичиг хэргийн наад захын стандартуудыг зөрчдөг, худлаа мэдүүлдэг өгөх тохиолдлууд тэмцээн бүр дээр гарч байгаа нь харамсалтай. Засах, үнэн байдлыг хангах шаардлагыг хүлээж авахын оронд асуудлыг буруу тайлбарлаж, сургуулийн захиргаа, спорт хороо 2-ын хооронд хийдүүлэх хандлага байна.
·         Талбай дээр сурагчидтайгаа бүдүүлэг үгээр харьцаж, загнаж зандрах тэр бүү хэл гар хүрсэн тохиолдол гарсныг энд дурьдахаас өөр аргагүй байна. Ийм тохиолдол гаргасан багш нарын багшлах эрхтэй ярьдаг байх асуудлыг гэрээ, дотоод журмандаа тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй.
·         Мөн багш нар уралдаан тэмцээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэдэг дутагдал арилахгүй байгаад онцгойлон анхаарна уу.
12.  Дүүргийн хүүхдийн спортын 5 дугаар их наадам эхэлсэн. Спортын 21 төрлөөр зохион байгуулагдана. Одоогоор 4 төрөл зохион байгуулагдаад байгаа бөгөөд энэ 7 хоногт гимнастикийн төрлүүд явна. Боловсролын байгууллагууд хүүхэд багачуудаа бэлтгэж, оролцоогоо хангахыг мэдэгдье.
13.  Ерөнхий боловсролын сургуулиудын олимпийн танхимуудын үйл ажиллагаа харьцангуй суларч байна. Бүтээсэн бий болгосон зүйлээ өнгөтэй өөдтөй авч явах, олон нийтэд сурталчлах анхаарал хандуулахыг чиглэл болгож байна.
Нийслэлээс
1.    Боловсролын салбарын төсөв, санхүүгийн асуудалтай холбоотой хэд хэдэн албан бичиг шат шатны байгууллагуудаас ирсэнтэй сайтар танилцаж, өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Дээрх албан бичгүүдийн хуулбарыг хэлтсийн блог дээр байршуулна. Үүнд:
·         Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны 1а/1369 тоот албан бичиг
·         Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/211 тоот албан бичиг
·         Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/252 тоот албан бичиг
2.    Мөн нийслэлийн төсвийн тодотгол ойрын хугацаанд батлагдана. Үүнтэй уялдаж, төсвийн сар улирлын хуваарь, 1 дүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн урьдчилсан төлөв, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, саналаа холбогдох байгууллагуудаар дамжуулан уламжлах нь зүйтэй.
3.    2015 онд нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсээс авах дэмжлэг, хамтарч ажиллах ажлын саналаа хүргүүлж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулна. Удирдах ажилтан, багш нарын мэргэжил арга зүйг дээшлүүлэх, чадваржуулах чиглэлээр авах дэмжлэг туслалцааг тодорхой тусгана.
4.    Ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангиудын түвшинд чанарын шалгалт зохион байгуулсан. Энэ шалгалт 3 үе шаттай зохион байгуулагдана. 1 дүгээр шат сургуулийн өөрийн үнэлгээ, 2 дугаар шатыг нийслэлийн Боловсролын газраас 3 дугаар сард зохион байгуулсан, 3 дугаар шатыг 5 дугаар сард зохион байгуулах тул бэлтгэл зохион байгуулалтаа хангаж ажиллахыг зөвлөж байна.
5.    Нийслэлийн Боловсролын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс ерөнхий боловсролын сургуулиудын кабинетийн ашиглалтын байдалд хяналт шинжилгээ хийсэн байна. Нийт удирдлага багш нар кабинетын заавар, тавигдах шаардлагатай сайн танилцахгүй, шаардлага хангаагүй кабинетад гэрчилгээ хүсч албан бичиг ирүүлж ажилд хүндрэл учруулдаг нийтлэг дутагдал байгааг анхаарах хэрэгтэй. Мөн кабинетийн ашиглалтад тавих хяналт сул байна.
6.    Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийхэд ихээхэн дутагдлууд илэрснийг зөвлөмж, мэдэгдэл боловсруулж, мэргэжлийн байгууллагуудад хандана. Алдаа дутагдлыг цаг алдалгүй засаж, бодлогын яамнаас дэвшүүлсэн нэгдсэн бодлого зорилтод нийцэж ажиллах шаардлагатайг анхаар.
7.    Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийг томилохдоо нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөж томилох журам 2012 оноос хэрэгжсэн. Гэвч дээрх журмын хэрэгжилт хангалтгүй байгааг нийт удирдлагуудад анхааруулж байна. Шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох саналыг Боловсролын хэлтсүүд оруулж ирэх хэрэгтэй.
8.    Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам батлагдсан. Журамтай сайтар танилцаж, хугацааг чанд баримтлахыг анхааруулж байна.
9.    Багшлах, эрх, тэргүүлэх зэргийн материалыг авч эхэлсэн. Гэвч дутуу бүрдүүлсэн, шаардлага хангаагүй материал ирүүлж байгаа нь ажилд саад учруулж байна.
10.  Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус өмчийн 315 цэцэрлэг, 94 сургуулийн тусгай зөвшөөрөлд хяналт шинжилгээ хийж, нэрний давхацлыг арилгахаар Улсын бүртгэлийн газарт хандаад байна. Иймд сургууль, цэцэрлэг тус бүр Бүртгэлийн газарт нэр шүүлгэхээр хандах шаардлагагүй. 2015 онд шинээр цэцэрлэг сургууль үүсгэн байгуулах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авсан. 3 дугаар сарын төгсгөлөөр шинжээчийн ажлын хэсэг ажиллаж эхэлнэ.
11.  5, 10 жилийн багш нарын үндсэн сургалтын хуваарь гарсан. Багш нэг бүрийг  нэрээр нь гаргаж, холбогдох мэргэжилтэн дүүрэг, сургуульд хүргүүлсэн. Багш нарыг 100% хамруулахад анхаар.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

0 comments:

Post a Comment