“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” УРАЛДААНЫ ТАЙЛАН
Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгож төлөвшүүлэх орчныг бүрдүүлэхэд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлон "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “БИ МОНГОЛ ХҮҮХЭД УРАЛДААН”-ыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан.
“Би монгол хүүхэд уралдаан”-ыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 117 дугаар сургууль дээр зохион байгуулж, уг уралдааны 1 дүгээр шатанд бага ангийн 10 мянга гаруй сурагчид өрсөлдсөн бөгөөд 2 дугаар шатанд төрийн өмчийн 12 сургууль, төрийн бус өмчийн 3 сургуулийн 15 багийн 75 сурагч авьяас чадвараараа уралдлаа.
Уралдааны тэргүүн байрыг 17 дугаар сургуулийн “Монгол омогшил” баг, хоёрдугаар байрыг 24 дүгээр сургуулийн “Эв эе” баг, гуравдугаар байрыг 117 дугаар сургуулийн “Таван махбодь” баг, тусгай байрыг 39 дүгээр сургуулийн “Мэргэд” баг, Наран сургуулийн “Хөх толбот” багууд тус тус эзэллээ.
НЭГДҮГЭЭР АНГИ
Хүүхдийн хөгжилд тухайн улс үндэстний зан заншил, зан үйл, соёл, хүүхдийн өсөн торниж буй орчин, эцэг эх асран хамгаалагчдын харилцаа гэх мэтээр олон олон хүчин зүйлсүүд тасралтгүйгээр нөлөө үзүүлж байдаг. Монголчууд бид бүхэн хүүхдээ хүмүүжүүлэн хөгжүүлэх өөрийн гэсэн арга барилтай, арвин туршлагатай ард түмэн. Иймээс тоглоомоор дамжуулан хүүхдэд зөв хүмүүжил төлөвшил, хамтран ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор дааганы уралдааныг зохион байгууллаа.
ХОЁРДУГААР АНГИ
Монголчууд өөрсдийн өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжийг үр удамдаа өвлүүлэн дамжуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол үндэстний баялаг өв уламжлалын маш чухал хэсэг болох хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, оньсого тааврын уралдааныг зохион байгууллаа.
ГУРАВДУГААР АНГИ
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор дасгал маягаар хэрэглэдэг ардын аман зохиолын нэг төрөл болох таавар таах, үгийн сүлжээ бөглөх уралдааныг зохион байгуулж, таавраар дамжуулан сурагчдад уламжлалт ёс заншлаасаа суралцах, хүүхдийн оюун ухаан танин мэдэхүйг нь хөгжүүлэх зорилго тавин ажилласан.
ДӨРӨВДҮГЭЭР АНГИ
Монголын уламжлалт тоглоомын нэг шагай шүүрэх уралдааныг зохион байгуулж, монгол ёс уламжлалаасаа суралцах боломж бүрдүүлсэн.
ТАВДУГААР АНГИ
Танин мэдэхүйн ая холбогдол бүхий ардын уламжлалт ёс заншлаасаа суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 5 дугаар ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн тэмцээнийг “Алтан хонх” хэлбэрээр зохион байгууллаа.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
0 comments:
Post a Comment